2012-03-02
saihan buhniig endees

Маргааш, бас зарим өчигдөр

     Зарим өчигдөр яг л өглөө нь санадаггүй гоё зүүд шиг сарниад алга болчихдог. Тэгсэн мөртлөө өчигдөр ямагт байдаг. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй байх байсан. Харин маргааш гэж байхгүй байж болно.

     Зарим өнөөдөр яг л урьд нь үзэн ядсан бухимдал шиг үргэлжилдэг. Тэгсэн мөртлөө өнөөдөр байсан болоод л би өчигдөрийн тухай бичиж сууна. Бас маргаашийн тухай бодно. Харин маргааш байх эсэх нь маргаашийг дурсах нөгөөдрөөс мэдэгдэнэ.

     Зарим маргааш яг л одоо байгаа шиг хийсвэр байх юм шиг санагддаг. Өчигдөр өнөөдөр хоёр байсан болохоор би маргааш байна гэдэгт итгэж байна. Харин уржигдарын тухай бол бодохыг ч хүсэхгүй байна. Нөгөөдрийн тухай бодохоор л гоё санагдаад байдаг юм. Тэгэхээр хамгийн чухал нь маргааш. Маргааш л....

     Зарим учирал яг л мөрөөддөг ирээдүй шиг аз жаргалтай болгодог.  Аз жаргал араасаа хөтөлсөн учирал бүхэн өнөөдөр шиг бас маргааш шиг санагддаг. Хэзээ ч өчигдөр шиг бодож чаддаггүй. чадах байлаа ч өөрөө өчигдөр шиг өнгөрсөн болгохыг хүсдэггүй.

     Зарим дурсамж яг л замдаа ирж яваа захидал шиг догдлуулдаг. Тийм болохоор би уржигдарын тухай түрүүн бодохыг ч хүсэхгүй байна гэж бичсэн юм. Уржигдар тэрний өмнөх уржигдар...уржигдар бүхэн дурсамжаар дүүрэн байдаг. Одоо бодсон бодоогүй хүссэн хүсээгүй яг өнөөдөр шиг тодорч гарч ирж чаддаг.

     Зарим хүлээлт яг л өглөө болдог шиг яаруулдаг. Тийм болохоор надад нөгөөдрийн тухай бодохоор л гоё санагдаад байдаг юм. Ямар ч уржигдар, өнөөдөр бас маргааш байхгүй. Хүсвэл би өнөөдрөө мартаж чадна. Бас өчигдрөө үүрд хадгалж ч чадна. Харин маргаашаа яаж ч чадахгүй. Маргааш бүхэн гэнэтийн бэлэг. Нөгөөдөр бүхэн маргааш байдаг. Маргааш бүхэн ирээдүй байдаг.


Бичсэн: Uran zangilaa | цаг: 16:49 | uurchlult bur amjiltiin ehlel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax