2012-03-18
mongol busguin uran uill

Зөвлөгөө

Энгийн атлаа эрхэм бор өнгө намрын гоёл


Урин дулаан зуныг үдэж намартай золголоо. Энэ улиралд өмсөх гоёлоо бүсгүй Та бэлтгэж амжсан уу. Хэрэв үгүй бол Танд намрын гоёлоо бэлтгэхэд тань тусалъя. Юуны түрүүн аливаа улирлын хувцсыг тодорхойлогч амин зүйл нь өнгө байдаг. Иймээс энэ намрын хувцасны өнгөний талаар эхлээд зөвлөе. Энгийн атлаа эрхэм бор өнгө энэ улиралд бас л байраа тавьж өгөхгүйгээр “гүрийжээ”. Ингэхээр энэ намрыг бор өнгөөр төсөөлөшгүй нь. Гэхдээ бор өнгийн хувцас зохидоггүй бүсгүйчүүд бий. Тэгвэл тэд хар болон саарал мөн хүрэн өнгийн хувцсаар гоёорой. Эдгээр өнгө таныг ажил хэрэгч бас ихэмсэг харагдуулахад туслагч чинь байх болно. Сүүлийн үед бүсгүйчүүд ноосон атлаа урт цамцыг шохоорхох болсон. Энэ намрын хувьд ч Та ийм загварын цамцаар гоёж болно.

Гэхдээ бүсэлхийгээрээ нарийнхан, галбир тодотгож өгсөн загвартай байх ёстой шүү. Харин доошоо үл ялиг өргөссөн эсвэл шулуун урт загварын аль нь ч болно. Сонголт зөвхөн таны сонирхол, зохицлоос шалтгаална гэсэн үг. Ноосон цамцны сүлжээс нь зайтай, том нэхээстэй бол бүсгүй Таныг илүү залуу бас цоглог харагдуулна. Цамцан дээрээ жижигхэн атлаа донжтой чимэглэлтэй бол бүр чамин. Яагаад гэвэл энэ намрын гоёлын чимэг нь энэ. Тэгээд ч бүсгүй хүнийг эмэгтэйлэг харагдахад тусалдаг. Байнга ажилтай, завгүй байдаг бүсгүйчүүдэд намар юу өмсөж болохыг зөвлөе. Аль болох цэвэр даавуун хослол өмссөн нь дээр. Энэ нь таныг нэг талаас чөлөөтэй харагдуулна. Загварын хувьд ажил хэрэгч, бас чөлөөтэй. Жишээ нь, банзалын халаас ар талдаа байна. Оёдол гаднаа байвал илүү чөлөөтэй харагдана. Харин пиджакны халаас ил, зах нь үргэлж буюу бага зэрэг бөөрөнхий байх нь дээр. Энэ хослолыг чухал уулзалтад өмсөх тохиромжтой. Харин ямар зүүлт сонгох вэ? Тэгвэл модоор хийсэн гоёлын зүүлт намрын гоёо болохоор шийджээ. Ийм зүүлт ноосон сүлжмэл эдлэлтэй зохицохдоо гайхалтай. Тэр тусмаа үл ялиг том хэмжээ, хэлбэртэй зүүлт бүрчиг дэгжин. Мэдээж өнгөний хувьд хэлэх нь илүүц биз.

Өмссөн хувцастайгаа өнгө дагуу сонгохоо бүсгүйчүүд мэдэх учраас. Зөвхөн мод гэлтгүй чулуугаар хийсэн зүүлт ч намрын гоёог тодорхойлно. Түүнчлэн охид хүүхнүүд мөнгөн эдлэлийг сүүлийн үед илүүд үзэх болсон. Хэдий алт, монетон эдлэл мөнгөн гоёлд байраа тавьж өгөх дургүй байгаа ч гэсэн охид хүүхнүүд гоёл чимэглэлдээ мөнгийг илүү хэрэглэх болсон. Энэ намар ч мөн мөнгөн эдлэл моод хэвээр байна. Сонирхуулахад, энэхүү мөнгөн эдлэл гээч нь эмэгтэй хүний зөн билэг, сэтгэлийн хөдлөлийг бэлгэддэг аж. Ялангуяа бүсгүй хүний дотоод хүчийг нэмэхэд мөнгө тусалдаг юм байна. Ийм ч учраас эмэгтэй хүн ийм эдлэлийг хэрэглэхэд зөвхөн гоёл чимэглэлийн утгаар биш өөр олон талын ашигтай аж. Тамир тэнхээгүй болох, ханиад хүрч халуурах, түлэгдэл, дотрын үрэвсэл тэр байтугай сарын тэмдэг ихээр ирэх зэрэгт цагаан мөнгө нь анагаах үүрэг гүйцэтгэдэг юм байна. Хэрвээ мөнгөн аяганд байнга хоол, цайгаа идэж, уувал дотор эрхтэнд ямар нэг асуудал үүсэхгүй. Банзалын хувьд шулуун загвартай, тийм чиг урт биш байна. Гэхдээ үл ялиг зузаан материалтай байхыг мартав. Ер нь энэ намар шулуун загварын хувцас голлоно. Өмд ч мөн адил нарийхан, шулуун загвартай. Тэгээд ч энэ загварын хувцас бүсгүйчүүдийг илүү гуалиг харагдуулдаг билээ. Ажил хэрэгч хувцасладаг бүсгүйчүүд пальто сонгох бол шулуун загварын байвал таны дүр төрхийг тодотгож өгнө. Гэхдээ өвдөгнөөс үл ялиг урт байх ёстойг санаарай.

Харин чөлөөт загвараар хувцаслах сонирхолтой охид бүсгүйчүүд сул загвартай, сүлжмэл захтай куртик өмсчихвөл намрын гоёлтой хөл нийлүүлэн алхлаа гэсэн үг. Бүсгүйчүүдийг хамтад нь төсөөлөшгүй зүйл бол цүнх. Энэ намрын цүнхний загвар чөлөөтэй, хэлбэр, хэмжээний хувьд том байх нь. Мэдээж тод өнгөтэй биш. Намрын өнгөний ноёрхол бор өнгө гэдгийг санахад илүүдэхгүй. Эсвэл хар өнгө. Гэхдээ цулгуй цүнх тийм ч сайхан харагдахгүй. Иймээс чамин хэлбэр, гоёл чимэглэлтэй байвал зүгээр. Хажуу дахь халаас нь том байх тусмаа этгээд. Зарим хэсэгтээ хатгамалтай байвал содон. Ийм загвартай цүнх сонговол чамин загвараас хоцрохгүй байхаас гадна таны хэрэгцээг бүрэн хангана. Учир нь эмэгтэй хүний цүнх том байх тусмаа хэрэгтэй зүйлсээ багтааж чаддаг шүү дээ. Гэхдээ ажил хэрэгч бүсгүйчүүд чөлөөт загварын цүнх барих нь зохимжгүй. Иймээс арьсан цүнхийг сонгоорой. Харин оюутан залуус тааран материалтай цүнхийг өөртөө санал болговол цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг нэгэн гэсэн үг. Мэдээж үнэтэй биш. Гол нь загвар сайтай, дээр нь барихад эвтэйхэн бол бүх зүйл “ок”. Хамгийн чухал нь Таны цүнх тоноглол, чимэг ихтэй, гоёлын оёдлууд элбэгтэйгээрээ өнгөрсөн намрынхаас ялгарах ёстой.

Нүдний шил бол бүсгүйчүүдийн гол гоёо бас хэрэглээ. Энэ намрын нүдний шилний загвар ерөнхийдөө том хүрээтэй. Энэ нь зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдэд ч хамаатай. Бүсгүйчүүд энэ намар гадсан өсгийтөөс татгалзах хэрэгтэй болох нь. Учир нь үл ялиг өсгийтэй, үргэлж ултай гутал моодонд орлоо. Ерөнхийдөө чөлөөт, энгийн загварын гутал гэсэн үг. Банзал дээр зохино гэж үү хэмээн Та эргэлзэж магадгүй. Тэгвэл санаа бүү зов. Шулуун загварын банзал дээр ийм загварын гутал ч донжтой харагддаг юм. Бүсгүй хүний чимэг яах аргагүй гутал. Урагдаж муудсан, тоосонд дарагдсан гутал таныг хэзээд бусдын хойно алхуулна. Өсвөр насны охидод хурц, тод өнгийн гутал цоглог харагдуулаад зогсохгүй бусдаас ялгарахад нь тусална. Тэр дундаа богино түрийтэй, шигтгэсэн чимэглэлтэй байвал илүү тансаг. Эрчүүдийнх ч мөн адил. Чөлөөт стильтэй намхан ултай гутал энэ намрын гангараа. Гэхдээ эрчүүдийнх илгэн оруулгатай, гоёлын оёдолтой байна гэдгийг анхаараарай.

Бичсэн: Uran zangilaa | цаг: 00:10 | uurchlult bur amjiltiin ehlel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax